Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр баг дахь "Дархан арьс ширний цогцолбор”-ын ажилтай энэ сарын 12-нд танилцав.
Цогцолбор барих төслийг 2018 онд 18 га газарт эхлүүлж, жилд 10 сая арьс шир, 10,000 тн ноос, 1,000 тн ноолуур боловруулах 13 үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус цогцолбор ашиглатад орсноор 7500 орчим байнгын ажлын байр бий болно.
Өнөөдрийн байдлаар ноос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил 86 хувь, дэд станцын угсралт 95 хувь, бохир ус цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 80 хувь, дотор дулааны шугам 50 хувь, гадна дулааны 3.9 км шугамын ажил 70 хувь, богийн арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувь, уур гаргах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувийн гүйцэтгэлтэй байна.
Засгийн газраас тэргүүлэх 100 төслийг нэрлээд буй. Үүнд малын түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн экспортлох тус цогцолбор багтаж байна. Төрөөс цогцолборыг ашиглалтад ороход бүх талаар дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд хэлээд Монгол Улс малаа төрөлжүүлж өсгөн ашиг шимийг нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортод гаргах цаг болсон гэдгийг онцолсон юм.
Дархан арьс ширний цогцолбор баригдснаар малын түүхий эдийг дотооддоо боловсруулах, дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орон нутагт тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой юм.