Энэ оны "Miss Universe" тэмцээний ялагчаар Мексикийн гоо бүсгүй Андреа Меса тодорчээ.
Өдгөө 26 настай Чиуауа хотын гоо бүсгүйд 2019 оны ялагч, Өмнөд Африкийн гоо бүсгүй Зозибини Тунци титэм гардуулав. Энэ тэмцээний хоёрдугаар байранд Бразилын гоо бүсгүй Жулия Гама орсон бол Перугаас оролцсон Яник Масета гуравдугаар байрын эзэн болсон байна. Тэмцээнд түрүүлсэн Мескикийн бүсгүй нь программистаар ажилладаг бөгөөд хүчирхийллийн эсрэг тэмцэлд дуу хойлоогой өргөдөг нэгэн аж.
Уралдааны эцсийн шатанд 10 өрсөлдөгч усны хувцастай тайзан дээр гарч шүүгчдийн асуултанд хариулснаар, Перу, Доминикан, Бразил, Энэтхэг, Мексик гэсэн 5 улсын оролцогч тунаж үлдсэн байна. Тийнхүү шүүгчдийн шалгуурт нийцэх сүүлчийн боломж нь оролцогчид сонгогдсон сэдвээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх ёстой байжээ. Меса гоо сайхны стандарт хийгээд энэ бүхэн нь цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар өөрийн бодлоо илэрхийлсэн байна.
Цар тахлын улмаас хойшлогдсон 69 дахь удаагийн тэмцээний ялагчийг дан эмэгтэйчүүдээс бүрдсэн шүүгчид тодруулжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд "Miss Universe” тэмцээний 1997 оны ялагч Брук Ли, 2006 оны ялагч Зулейка Ривер нар багтжээ.