Шинэ төрлийн коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор Вьетнам Улсын Засгийн газар энэ сард ямар нэг спортын үйл ажиллагааг өөрийн улсад зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гаргасныг Вьетнамын хөлбөмбөгийн холбоо Азийн хөлбөмбөгийн холбоонд мэдэгдсэн байна.
"AFC Cup-2020” тэмцээний хэсгийн шатанд өрсөлдөж байгаа Вьетнамын "Хо Чи Мин Сити” болон "Тан Куангнинг” багын тоглолтод энэхүү шийдвэр шууд нөлөөлөх юм.
Ингэснээр Азийн хөлбөмбөгийн холбоо энэ хоёрдугаар сард нутагтаа хүлээн авах байсан хоёр тоглолтыг зочин багийн тоглолтын хуваарьтай сольж явуулахаар болжээ. Ийнхүү "Хо Чи Мин Сити” болон "Янгон Юнайтед” багын эхний тоглолт энэ сарын сарын 11-нд Мьянмар Улсын Янгон хотноо болохоор болж, хариу тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 29-нд Вьетнамд явагдахаар болсон байна.
Үүнтэй адил "Тан Куангнинг” болон "Церес Негрос” багын эхний тоглолт энэ сарын 25-нд Филиппин Улсад болох бол хариу тоглолт Вьетнамд ирэх гуравдугаар сарын 13-нд явагдана.
Мөн Азийн хөлбөмбөгийн холбоо "AFC Cup-2020” тэмцээний урьдчилсан шатны тоглолт болох Туркменистаны "FC Ахал” болон Киргизийн "FC Нэфчи, Монголын "Улаанбаатар Сити” болон Тайваний "Тайпауэр Компани” багын тоглолт товлосон өдрөө буюу өчигдөр явагдаагүй болохыг мэдээллэв.