Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 7.00 цагт эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг анх удаа 6 жилээр сонгох энэхүү сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшээд байна.
Сонгуульд санал өгөх эрхтэй сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 151 329 сонгогч бүртгэлтэй байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн юм. Үүнээс "түр хасав” тэмдэглэгээтэй 110 773 сонгогч байгаа аж. "Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүхээр тогтоосон эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг аж. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусах бөгөөд нийт 2087 хэсгийн хороонд 100 хувь хяналтын гар тооллого хийх юм.
Санал авах байранд очих боломжгүй 25 мянга 619 иргэний саналыг өчигдөр буюу энэ сарын 8-нд авсан. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар цар тахлын улаан бүсэд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, гэрээр тусгаарлах байранд байгаа 7051 иргэн, ердийн нөхцөлөөр буюу халдвар аваагүй, санал хураах байранд ирэх боломжгүй 18 мянга орчим иргэн санал өгсөн юм. Түүнчлэн өнгөрсөн сарын 30-31-нд Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 44 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулсан Салбар комисс гадаад амтдарч буй иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулсан. Энд сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон 7394 сонгогчийн 76 хувь буюу 5618 нь санал өгсөн юм. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өгсөн иргэдийн саналын хуудсыг хэсгийн хороод санал хураалт эхлэхэд үед төхөөрөмжид уншуулна. Харин гадаадад байгаа иргэдийн өгсөн саналыг Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах Төв комисс 20.30 цагт СЕХ-нд хүлээлгэн өгөх юм.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл явцыг хөндлөнгийн хараат бус ажиглагчид ажиглаж, дэлхий нийтэд нээлттэй мэдээлдэг уламжлалтай. Энэ удаагийн сонгуулийг ажиглах гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч 43, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч, сэтгүүлч 40 хүн бүртгүүлээд байна.
Ташрам дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх Засгийн газрын түр журмын хүрээнд халдвар хамгааллын дэглэм сахиулах зохион байгуулж байна.