"Файзер” вакцины 84 мянган тун зургадугаар сарын 16-нд, мөн 80 мянга гаруй тун энэ сарын 21-нд Улаанбаатарт бууна.
Засгийн газар 2.5 сая тун "Файзер” вакцин татаж авах гэрээ хэлэлцээр хийснээр эхний 100 мянган тунг татаж аваад байгаа. "Файзер”, "Синофарм”, "Астра Зеника” вакцины нөөцөө бүрдүүлсээр байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Түүнчлэн, жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр даваа гаргаас "Файзер” вакцинд хамруулж эхлэх аж.
"Эмийн хатуу зохицуулалттай АНУ, Канад, Европын холбооны зарим улс 100 хувийн үр дүн гарсан учир хүүхдийн вакциныг хүлээн зөвшөөрч байгаа. Монгол Улсын хувьд нөөцөө бүрдүүлэн, сайн дурын үндсэн дээр, аав ээжийнх нь зөвшөөрлөөр хүүхдүүдийг вакцинжуулах бэлтгэл хангаж байгаа"-г тэрбээр тодотгов.
"Гурван долоо хоногийн өмнө коронавирусээр халдварласан хүмүүсийн 10 хувь нь хүүхэд байсан бол, одоо 30 хувьд хүрлээ. Иймд хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулж эрсдэлээс хамаалах нь Засгийн газрын эн тэргүүний ажил” гэдгийг Ц.Ганзориг онцолсон юм.