Олон улсын сансрын станц /ОУСС/ дахь сансрын нисэгчид лабораторийнхоо нарны зайн хавтан бүхий цахилгаан хангамжийн системийг сайжруулах ажлаа лхагва гарагт эхлүүлж, задгай сансарт гарчээ.
Тодруулбал, АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэх судлах төвийн /NASA/ нислэгийн инженер Шейн Кимбро, Европын Сансрын агентлагийн /ESA/ сансрын нисэгч Томас Песке нар зургаан хавтангийн эхний хоёрыг нь суурилуулсан байна.
"NASA”-гийн мэдээлснээр, одоогоор нарны зай хавтангууд хэвийн ажиллаж байгаа боловч анх 15 жил ашиглахаар бүтээсэн системийг ашиглалтад оруулснаас хойш 21 жилийн хугацаа өнгөрөөд байгаа ажээ. Ийнхүү одоогийн зургаан хавтангийн урд хэсэгт шинэ хавтангуудыг байрлуулснаар станцын цахилгааны хүчин чадлыг 160 кВт-аас дээд тал нь 215 кВт-д хүргэнэ.
ОУСС-д энэ оны эцсээр төлбөртэй зорчигчид, кино багийнхан ирэх төлөвтэй байгаа тул цахилгаан хангамжийн хүчин чадлыг сайжруулах шаардлагатай байгаа юм байна. Ш.Кимбро, Т.Песке нар дараагийн хоёр хавтангаа ирэх ням гарагт суурилуулах ажээ.