УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны болон парламентын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уламжлалт, найрсаг хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол, Оросын стратегийн түншлэл иж бүрэн стратегийн түншлэлийн чанарын шинэ түвшинд гарч буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай өргөжиж байгааг тэмдэглээд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийсэн айлчлалын үр дүн хоёр улсын парламентын харилцаа өндөр түвшинд хөгжиж буйг илтгэж байна гэв.
Уулзалтын үеэр энэ сарын 29-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Холбооны Зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн хороотой хамтран дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хийх цахим уулзалтын талаар санал солилцов. Мөн хоёр улсын уул уурхай, тээвэр, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны талаар болон хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн явц, шинэчлэлийн талаар ярилцлаа.