EURO 2020-ийн шөвгийн наймын сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж шөвгийн дөрвийн багууд тодорч дууслаа.
Украин 0-4 Англи (Кейн 4', 50', Магуайр 46', Хэндерсон 63')
Шөнийн 03:00 цагаас 2018 оны ДАШТ-ний шөвгийн дөрөвт үлдэж байсан Англичууд залуу Украины шигшээ багтай тоглож 0-4 харьцаагаар хожлоо.
Дасгалжуулагч Гарэт Саутгейтийн зөв тактик, шилдэг, залуу тоглогчдын авьяасаар Англичууд шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн тоглолтоо Лондон хотод, гэртээ хийхээр болов.
Тэмцээн эхэлснээс хойш таван тоглолтод Англичууд хаалгандаа нэг ч гоол алдаагүй бөгөөд энэ тэдний түүхэн амжилт болон хаалгач Жордан Пикфордын нэр дээр бичигдлээ. Өмнөх нөхөрсөг тоглолттой нийлээд Английн шигшээ баг 7 тоглолт дараалан гоол алдаагүй анхны тохиолдол болжээ.
Мөн дасгалжуулагч Гарэт Саутгейт шигшээ багийг ДАШТ болон Европын аваргын хагас шигшээд хүргэсэн хоёр дахь дасгалжуулагч болсон байна. Түүний өмнө 1966, 1968 онуудад Алф Рамзи энэ амжилтыг үзүүлж байжээ.
Англиас Харри Кейн хоёр гоол оруулснаар сүүлийн 26 тоглолтдоо 27 гоолд шууд оролцоод байна. Тэрээр 18 гоол оруулж 9 гоолын дамжуулалт өгчээ.
Чех 1-2 дани (Шик 49', Делани 5', Долберг 42')
Шөвгийн наймд хүрнэ гэж хэн ч таамаглаагүй хоёр баг хоорондоо тулж хэсгээсээ арай ядан гарсан Даничууд хожлоо. Тэд тоглолтын эхний хоёр гоолыг хийж тэргүүлсэн бөгөөд үлдсэн цагт үр дүнгээ хамгаалж хагас шигшээд шалгарлаа.
Чехээс Патрик Шик гоол оруулснаар энэ тэмцээний 5 дахь гоолоо бичүүлж мэргэн буучдын жагсаалтад 5 гоолтой Криштиану Роналдугийн хамт бичигдэж байна.
Тэмцээний шөвгийн дөрвийн тоглолтууд долоодугаар сарын 07-нд 03:00 цагаас Итали - Испанийн тоглолтоор эхэлж долоодугаар сарын 8-ны 03:00 цагаас Англи - Данийн тоглолтоор дуусна.