Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр байгуулсан "Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлж байгаатай холбогдуулан "Буянт-Уухаа” олон улсын нисэх буудал болон агаарын тээвэрлэгч авиа компаниудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо.
МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр энэ мөчийг түүхэнд тэмдэглэгдэх өдөр хэмээн тодотгоод, "Буянт-Ухаа буудал 64 жилийн түүхтэй 24 цагийн ажиллагаатай. 1993 оноос МИАТ компани болсноос хойш энэ буудлаас олон улсын 50 гаруй чиглэлд 56 300 удаагийн аяллаар зорчигч тээсэн. Энэ буудал ирэх онд шинэ зорилт тавьж, ерөнхий зориулалтай, сургалт, онцгой байдал, түргэн тусламж, цагдаагийн нислэг үйлдэн, засвар үйлчилгээний чиглэлийн онгоцуудад үйлчилнэ” хэмээв.
Ахмад нисгэгч Р.Батнасан "Буянт-Ухаагийн энэ дэнжид нисэхийн ажил амьдралын 42 жил өнгөрсөн. Монголын албан соёмбот хөлгөөрөө 37 орны 100 гаруй хотод бууж нисэх явлаа. Буцаад ирэхэд сэнгэнэсэн сайхан агаараар угтдаг "Буянт-Ухаа” минь бага, дунд, холын зайн нислэгийн сургалтын сайн төв болох”-ыг хүсэн ерөөсөн юм.
Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудал нь жилд 3 сая зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай бөгөөд нисэх буудлын анхны нислэгийг МИАТ ХК Улаанбаатар-Токио чиглэлд үйлдэнэ.