2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг эхлүүлэх ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 сарын 28-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төслийг "хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн билээ.
Үүний дагуу Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг Монголын талаас "Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу "Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан "Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д концессоор шилжүүлсэн юм.
Тус гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Япон, Монголын хамтарсан "Нью интернэйшнл эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Такэо Като гарын үсэг зурав.
Уг гэрээ 15 жил хэрэгжих бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлыг ханган шинэ нисэх буудлын ажлыг албан ёсоор эхлүүлэх юм.
Концессын гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслийг Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Японы консорциумтай сүүлийн нэг жилийн хугацаанд нийт 11 удаагийн хэлэлцээр, уулзалтын үр дүнд бэлтгэсэн.
Шинэ нисэх буудал ашиглалтанд орсноор Японы шилдэг туршлагыг Монголд нэвтрүүлэх боломж бүрдэж, жилдээ 3 сая хүртэл зорчигч, 12 мянган онгоц хүлээн авах чадалтай бөгөөд онгоцны буудлыг түшиглэн 30 мянган дагуул хот бий болох боломжтой юм.