БНХАУ-д анх дэгдсэн шинэ төрлийн коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын нислэгийн компаниуд тус улс руу үйлдэх нислэгээ цуцлан, тоог нь цөөлж байгаа талаар ГХЯ-ны Консулын газраас анхааруулав.
Тухайлбал, АНУ-ын United Airlines компани ирэх сарын 28 хүртэл Бээжин, Шанхай, Чэнду, Хонг Конгийн бүх нислэгээ, American Airlines компани мөн ирэх сарын 28 хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ, Delta Airlines компани дөрөвдүгээр сарын 30 хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ зогсоожээ. Иймээс эх орондоо ирэх монголчуудыг БНСУ-ын Сөүл хотын Инчеон, Японы Токио хотын Нарита, ОХУ-ын Москва хотын Шереметьево, ХБНГУ-ын Берлин хотын Тегель, БНТУ-ын Истанбул хотын Ататюркийн олон улсын нисэх онгоцны буудлаар дамжихыг зөвлөж байна.
Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани энэ сарын 13-нд Бээжин, 10, 15-нд Хонг Конг руу нислэг үйлдэх бөгөөд бусад бүх нислэгээ цуцлаад байна. Түүнчлэн ОХУ-ын Москва хотын Шереметьево онгоцны буудлын F терминалд ирэх сарын 31-нийг хүртэл хөл хорио тогтоосон тул МИАТ-ын нислэг Е терминалд бууж, нисэх болсон. Иймд Москва хотоор дамжин нисэх зорчигчид нислэг хоорондын цаг болон нисэх буудалд очих цагаа сайтар тооцоолохыг Консулын газраас мөн анхааруулав.