УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу төсвийн тодотголын төслүүдийг эцэслэн баталлаа.
Эрүүл мэндийн сайдын төсвийг 2019 онд 939.9 тэрбум, 2020 онд нэг их наяд 8.6 тэрбум, 2021 онд 742.9 тэрбум төгрөгөөр баталж өгсөн. Харин 2021 оны төсвийн тодотголоор, Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдыг урамшуулах зорилгоор нийт 241.2 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас 493 тэрбум нийт 735 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж тусгажээ. Тухайлбал, 2000 ор дэлгэхэд, 110 тэрбум төгрөг, резидент эмч нарын цалин 3.7 тэрбум төгрөг, улаан бүсэд ажиллаж буй 13 мянган эмч, ажилчдад нэг удаа хоёр сая төгрөг олгох, Эрүүл мэндийн салбарын нийт 19.5 мянган ажилтанд нэг удаа нэг сая төгрөгийн урамшуулал олгох зэрэг санхүүжилт багтсан юм.
Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хийж дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Өнөрболор, Д.Ганбат, С.Чинзориг, Ц.Туваан, Ж.Чинбүрэн, Д.Батлут, Ц.Даваасүрэн нар эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар эмч, эмнэлгийн ажилчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас тавьж буй санал, шаардлагыг хэрхэн шийдэхтэй холбогдуулан асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оноос эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлсэн тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр буюу Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр хуульчилсан. Харин Эрүүл мэндийн даатгалаас авсан санхүүжилтээ хэрхэн зарцуулах нь Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл тухайн жилийн төсөв хэлэлцэх, төсвийн хуваарилалтыг батлах, төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох эрхтэй.
Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг заавал төсвийн тодотголд тусгаж шийдүүлнэ гэхгүйгээр эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ механизмыг бүрэн гүйцэд ашиглах замаар шийдэх бүрэн боломжтой. Хуулиар зохицуулсан эрх зүйн чадамж, байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна гэж үзэж буйгаа хэллээ.
Үүгээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дуусгасан юм.
Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулж, хуралдаан даргалагч хуулийн төслийг зүйл, заалт бүрээр уншиж танилцуулан тус бүрээр нь санал хураав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 79.1 хувь буюу 53 гишүүн дэмжсэнээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлав.
Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, төслийг зүйл, заалт бүрээр уншиж танилцуулан санал хураахад 55 гишүүн хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг дэмжлээ.