ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ирэх 7 хоногт орон нутгийн удирдлагатай цахим уулзалт хийж өвлийн бэлтгэл ажлыг хангах талаар мэдээлэл авч, үүрэг чиглэл өгөхөөр төлөвлөжээ. Энэ жил аймаг, сум, нийслэлийн аюулгүйн нөөцөд өвс тэжээл бэлтгэх ажлыг малын тоо толгойтой уялдуулан тооцжээ. Тухайлбал, 44 мянга 900 тонн өвс, 2900 тонн ногоон тэжээл, 14 мянга 850 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа.
-Өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг хангах чиглэлээр ямар зохион байгуулалт хийж байна вэ?
-Засгийн газраас 7 дугаар сарын 28-нд ХАА-н салбарын 2021-2022 оны бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоол гарсан. Тогтоолын гол зорилго нь ХАА-н салбарын тогтвортой байдлыг хангах, цаг агаарын эрсдэлийг бууруулах, энэ үндсэн дээр бүх талын хамгаалалт, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чиглэж байгаа. Эхний ээлжид улсын хэмжээнд 2021 онд хэрэгцээт малын тоог аймаг, нийслэлийн хэмжээнд бүрэн гаргана. Экспортлох малын төлөвлөгөө, хуваарийг мөн гаргаж, энэ чиглэлээр хүнсний болон хөнгөн үйлдвэрийн газруудтай хамтран ажиллана.
-Өвөл, хаврыг эрсдэл багатай даван туулахад юунд голлон анхаарч байна вэ?
-Өвөлжилтөд ихээхэн нөлөөлдөг их цас, цасан шуурга, цочир хүйтрэлт, хүчтэй салхины талаарх богино болон урт хугацааны төлөв байдлыг тодорхойлж, малчид иргэдийг мэдээллээр хангана. Мөн өвөл хаврын бэлчээрийн даацын судалгааг тодорхойлсны үндсэн дээр эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллана.
-Отор нүүдлийн тухайд ямар зохицуулалт хийж байна?
-Оторт гарах малын талаарх судалгааг зохион байгуулж, малчид иргэд орон нутагтаа өвөл, хавар ая тухтай байх талын зохицуулалтыг хэрэгжүүлэхээр тусгаж байгаа. Манай орны хэмжээнд жилдээ ойролцоогоор 10 гаруй сая толгой мал өөр аймгийн нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газар отроор өвөлждөг. Энэ жилийн хувьд энэ тоо хэмжээг багасгаж, малчид орон нутагтаа ая тухтай өвөлжих, хаваржих ажлыг зохион байгуулна.
-Хадлан бэлтгэх, өвс, тэжээлийн нөөцийг хэр бүрдүүлж байна вэ?
-Хадлангийн талбайг оновчтой хуваарилах, зохистой ашиглах, говийн бүсийн болон хадлангийн нөөц багатай аймгуудад хадлан бэлтгэх талбайг гэрээгээр ашиглуулна. Малчин, мал бүхий иргэнээр байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд анхаарна.
Аймаг, сум, нийслэлийн аюулгүйн нөөцөд өвс тэжээл бэлтгэх ажлыг малын тоо толгойтой уялдуулан тооцсон. Энэ жил бид ногоон тэжээл бэлтгэлийн хэмжээг аймаг орон нутгийн аюулгүйн нөөцөд тулгуурлан бэлтгэхээр шинээр тусгаж, оруулж байгаа.