Кино найруулагч Л. Бат-Амгалан олон улсын "Локарно" кино наадмаас "Sleepless" богино хэмжээний кино төслөөрөө "Moulin d’Ande-Ceci” шагнал хүртэв. "Локарно” олон улсын 74 дэх удаагийн кино наадам Швейцар улсын Локарно хотноо энэ оны 8 дугаар сарын 4-14-нд болж байгаа юм. Шагнал хүртсэнээр Монгол найруулагч Францын Норманди мужид шинэ кино төсөл эхлүүлэх эрхтэй боллоо.
Тэрээр тус наадмын "Open doors lab” хэмээх жил бүр 8 кино найруулагчийг шалгаруулж, олон улсын киноны зах зээлийг мэдэх, кино зохиол бичих, киноны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах тусгай сургалтын хөтөлбөрт сонгогдон оролцжээ. Түүний бүтээсэн "Од ба Гэгээ” УСК наадмын үеэр буюу 8 дугаар сарын 12, 13-нд тус наадмын дэлгэцнээ гарах юм.
"Нээлттэй хаалга” хөтөлбөрийн нэг хэсэг болох "Open doors hub” буюу кино найруулагчдын бүтээлийг олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, санхүүжилт босгоход нь дэмждэг хөтөлбөрт мөн найруулагч Ш.Ихбаяр болон продюсер Б.Номинтуяа нар "The Water Garden” кино төслөөр оролцжээ.
Өнгөрсөн жилийн "Нээлттэй хаалга” хөтөлбөрөөр нийт 7 шагнал гардуулснаас Монголын уран бүтээлчид 3 шагналыг нь хүртэж байв. Уран бүтээлчдийг дэмжих зорилготой "Нээлтэй хаалга” хөтөлбөр нь 19 дэх жилдээ Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа бөгөөд 2019-2021 онд Зүүн Өмнөд Ази болон Монгол Улсыг онцолж, дэмжлэг үзүүлэхээр ажиллаж буй.