АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар мягмар гарагт утсаар ярих үеэрээ "G7” буюу "Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг цахимаар зохион байгуулж, Афганистаны байдлыг хэлэлцэхээр тохиролцжээ.
"Хоёр орны удирдагчид "G7”-гийн орнуудын удирдагчдын уулзалтыг ирэх долоо хоногт цахимаар зохион байгуулж, ерөнхий стратеги, чиг шугамыг хэлэлцэхээр тохиролцлоо” гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
"Тэд мөн Кабул хотод мөр зэрэгцэн ажиллаж, иргэдээ болон Афганистаны иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилд оролцож буй цэргүүд, энгийн алба хаагчдынхаа эр зориг, мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэллээ. Түүнчлэн дэлхийн хамтын нийгэмлэгээс дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэх арга зам гэх зэрэг Афганистаныг чиглэсэн цаашдын бодлогын талаар холбоотнууд, ардчилсан түншүүдийн хооронд нягт уялдаа холбоогоо тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай байгааг хэлэлцлээ" гэж мэдээлэлд дурджээ.