Японы сансар судлалын JAXA агентлаг Ангараг гаргийн дагуул Фобосыг судалж, гадаргуугаас нь хөрсний дээж авах хөтөлбөрийг 2024 онд хэрэгжүүлэхээр болжээ.
JAXA агентлагийн мэдээлснээр, Фобос руу сансрын хөлөг илгээж, уг хөлөг хөрсний дээж авах аппаратыг Ангарагийн саран дээр буулгах аж. Үүний дараа хөлөг дэлхий рүү буцаж ирэх бөгөөд Рюгү солироос хөрсний дээж авчирсан "Хаябуса-2" хөлөгтэй адил хөрсний дээж бүхий бортогыг агаар мандал руу орохоосоо өмнө хаях гэнэ.
Японы эрдэмтэд Фобосын гадаргуугаас 10 орчим грамм дээж цуглуулна гэж төлөвлөж байгаа бөгөөд дээжээс гарал үүслийнх нь талаар мэдээлэл олж авна гэж найдаж байна. Фобос дээр мөн Ангараг гаргаас ирсэн тоос, элс байж магадгүй гэж эрдэмтэд үздэг ажээ.
Ангарагийн дагуулууд болох Фобос, Деймосыг Америкийн одон орон судлаач Асаф Холл 1877 онд нээжээ. Эдгээр нь гурван тэрбум орчим жилийн өмнө бутарсан, Ангарагийн илүү том сарны хэлтэрхийнүүд гэж зарим эрдэмтэд таамагладаг байна.