Монгол Улс, БНСУ хоорондын залуучууд солилцооны цахим хөтөлбөрийг эхлүүллээ.
Энэ жилийн хөтөлбөрийг цар тахлын улмаас цахимаар зохион байгуулж, залуус бие даан, мөн багаар ажиллах, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох, харилцан суралцах агуулга, үйл ажиллагааг түлхүү тусгасан байна. Тухайлбал, "Цар тахлын дараах амьдрал болон ирээдүйн ажил мэргэжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол, Солонгосын залуу төлөөллөөс бүрдсэн багууд хоёр долоо хоногийн турш цахимаар холбогдон багийн ажил гүйцэтгэх зэрэг шинэлэг хэлбэр, санааг хөтөлбөрт оруулжээ.
Өмнөх жилүүдийн солилцооны хөтөлбөр нь харилцан зочилж, хоёр улсын түүх, соёл, нийгмийн хөгжлийн ач холбогдол бүхий газраар аялах, ажиглах, харилцах, хамт цагийг өнгөрүүлж харилцан суралцах хэлбэрээр зохион байгуулагдаж байв.
Хөтөлбөрийг нээж, ХНХ-ын сайд А.Ариунзаяа ярихдаа, "Хоёр орны залуус хувь хүний хөгжил, соёл, урлаг, спорт, техник технологийн дэвшил, нийгмийн хөгжлөөс харилцан суралцах, хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой хөтөлбөр улам хүрээгээ тэлж, олон залуусыг хамруулж, санаачлагч, бүтээлч, манлайлагч байж улс орныхоо хөгжил, дэвшилд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээв.
Хөтөлбөр нь хоёр улсын залуус өөрийн орны түүх соёл, ахуй, ёс заншил, боловсрол, байгаль, нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалт хөгжлийн талаар харилцан таниулж, хоёр орны найрсаг харилцаа, залуусын асуудлаарх хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой аж.