Нийслэлийн Баянхошуу, Сэлбэ, Шархад дэд төв рүү зарим яамыг нүүлгэхээр төлөвлөж буйг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр өнөөдөр танилцуулав.
Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг нүүлгэн Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор шилжүүлэх тогтоол баталсан. НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн алба, 16 агентлагийн 900 гаруй албан хаагчийг энэ оны 12 дугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэхээр тогтоолд тусгасан юм.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, "Энэ тогтоол нь нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилготой бөгөөд НЗДТГ-т уг ажлыг манлайлж байна. НЗДТГ-ын шинэ байрыг ашиглалтад оруулах асуудал олон жил яригдсан. Уг цогцолбор гурван блокоос бүрдэх ёстойгоос одоогоор нэг нь ашиглалтад орсон. Хоёр дахь нь 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Яармаг хэсгийн төлөвлөлт муу байгаа тул бид түгжрэл нэмэхгүйгээр дотоод ажлаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжинд цагийн хуваарийн зохион байгуулалтыг хамгийн түрүүнд хийнэ. Мөн нүхэн гарц байгуулахаас эхлээд дэд бүтцийн төслүүдийг 2-3 жил хэрэгжүүлнэ” гэлээ.
Одоо ашиглаж байгаа байрыг цаашид хэрхэн ашиглахыг НИТХ шийдвэрлэх аж.