Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд” албан ёсоор өнөөдөр нээлээ.
Цар тахлын энэ амаргүй цагт үйлдвэрлэгч, хэрэглэгчдээ дэмжих зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" өдөрлөгийг зохион байгуулж байгаа.
15 дахь жилтэйгээ золгож байгаа тус арга хэмжээнд нийт 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн хөдөлмөр, цаг хугацаагаа зориулан бүтээсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнээ танилцуулан худалдаалж, иргэд олон нийт ч идэвхтэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна.
Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлж, "Ажлын байрыг дэмжих” 2 их наядын зээлийг олгосон. Ингэснээр үндэснийхээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг цар цахлын хүнд үед ажлын байраа хадгалахад нь том дэмжлэг болсон гэдгийг албанхыхан өдөрлөгийн үеэр онцолж байв.
"Намрын ногоон өдрүүд"-ийг ХХААХҮЯ-тай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, IFAD, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтран зохион байгуулав.
"Намрын ногоон өдрүүд - Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн өдөрлөг энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм.