Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай болгох, салбарын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлогыг боловсруулан ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас баталсан "Алсын хараа 2050”бодлогын баримт бичигт Засаглалыг сайжруулах ажлын хүрээнд Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болох зорилгыг тодорхойлсон.
Энэ зорилгын хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт цахим шилжилт хийж буйтай холбогдуулан Үндэсний геологийн албанаас Монгол орны геологийн салбарт хийсэн бүх төрлийн судалгааны баримт, мэдээллийг ил тод, хүртээмжтэй түгээх, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор хэд хэдэн цахим систем нэвтрүүлснээ "Digital Nation-2021”-ийн үеэр олон нийтэд танилцуулж байна.
МонГеоКат систем нь веб, газар зүйн мэдээллийн системд суурилсан геологийн бүх төрлийн суурь зурган мэдээлэл, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлуудын байршлын болон ерөнхий мэдээллийг монгол, англи хэлээр иргэд олон нийтэд хүргэх зорилгоор хийгдсэн систем юм.
МонГеоМин систем нь ашигт малтмалын ордын нөөцийн мэдээллийг бүртгэх, хянах, орон нутаг, эдийн засгийн бүсүүдэд шинээр бүртгэгдсэн ордын ерөнхий мэдээллийг олон нийтэд нээлттэйгээр мэдээлэх зорилготой.
МонГеоКол систем нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны төслүүдийн үйл ажиллагааны явцын мэдээллийг цахимаар бүртгэх, хянах, хээрийн судалгааны геомэдээллийг цуглуулах систем бөгөөд судалгааны ажлуудын явцыг иргэд, олон нийт нээлттэйгээр хянах боломжтой.
МонГеоЭксп систем нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хөгжүүлж буй веб газарзүйн системд суурилсан онлайн болон оффлайн горимд ажиллах боломжтой хээрийн хөтөч мобиал апликейшн болон веб сайт гэсэн хэсгээс бүрдэх систем юм.
Мэдээлэл түгээх портал нь геологи, эрдэс баялгийн мэдээллийн сангаас боловсруулан гаргаж буй растер болон виктор мэдээ, мэдээллүүдийг онлайнаар худалдах, зарим мэдээллийг нээлттэйгээр ашиглах боломжийг бүрдүүлсэн систем юм. Үндэсний геологийн алба нь геологийн салбарын хөгжилд цахим шилжилт хийж, мэдээ мэдээллийг боловсруулах, дүгнэх замаар геологийн салбарын мэдээлэл дээр тулгуурлан хөгждөг бусад салбаруудыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.