Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар Монгол Улсын ”Гавьяат эмч” цолоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Будгианы Дэлгэрхангайг шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан. Түүнийг өнөөдөр аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Б.Дэлгэрхангай эмч аймгийн эрүүл мэндийн салбарын долоо дахь, Нэгдсэн эмнэлгээс төрөн гарсан гурав дахь хүний гавьяат эмч юм. Нэгдсэн эмнэлгээс анх 1997 онд хүүхдийн их эмч Э.Баатархүү, 2002 онд сэхээний эмч Н.Очиржанцан нар гавьяат эмч болж байжээ. Ийнхүү 17 жилийн дараа Нэгдсэн эмнэлгээс гурав дахь гавьяат эмч төрж байна.
”Гавьяат эмч” Б.Дэлгэрхангай хэлэхдээ, "Энэ шагналыг авч байхдаа, цаашид их зүйл сурч, мэдэж хүний эрүүл мэндийн төлөөх үүрэг, хариуцлага нэмэгдлээ гэж бодсон" гэлээ. Тэрээр залуучуудад хандаж "Ажлаа чин сэтгэлээсээ, нэгэн үзүүрт сэтгэлээр тууштай хийж байгаарай" хэмээн захив.