НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос улирал бүр олгож эхэлсэн. Энэ оны гуравдугаар улиралд урьдчилсан байдлаар 1.120.907 иргэнд 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж буй талаар татварын байгууллагаас мэдээллээ.
Ингэхдээ НӨАТ-ын буцаан олголтоор иргэд татвараа шимтгэлгүй төлөх боломж бүрдэж байна. Тодруулбал, НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд "Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт орсон. Тиймээс энэ улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголт авах иргэн хүсвэл буцаан олголтын урамшууллын мөнгөөрөө татварын албанд бүртгэсэн хөрөнгийн албан татвараа гүйлгээний шимтгэлгүй, хялбар, цахимаар төлөх боломжийг ebarimt системд бүрдүүлжээ.
НӨАТ-ын буцаан олголтоор газрын төлбөр болон Үл хөдлөх хөрөнгийн албан татвараа төлөх боломжтой болжээ.
Тиймээс иргэд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоор татвар төлөхөөр бол энэ сарын 16-наас 21-нийг дуустал хугацаанд ebarimt системд хандан хүсэлтээ илгээснээр татвараа төлөх боломжтой болж байна. Таны төлөгдөөгүй бүх татварын нэхэмжлэхийг автоматаар харуулна. Эдгээрээс төлөх татварынхаа хүсэлтийг сонгон "ТИЙМ” гэсэн товчийг дарснаар бүртгэгдэж, татвар төлөгдөнө.
Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлснээр 2021 онд үүссэн хөрөнгийн албан татвараа төлөөгүй байгаа 100 гаруй мянган татвар төлөгч гүйлгээний хураамжид суутгуулдаг 20.5 сая төгрөг, арилжааны банкаар татвар төлөхтэй холбогдон гардаг банкны гүйлгээний шимтгэл 43.2 сая төгрөг, нийт 63.7 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлт гарахаар байна. НӨАТ-ын буцаан олголтоор төлөх боломжтой татварын төрөл:
- Автотээврийн хэрэгслийн албан татвар,
- Галт зэвсгийн албан татвар,
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
- Газрын төлбөр /газар эзэмшигч/,
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/.
Иргэдийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг ажлын 30 хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлэх журамтай.