УИХ-ынн чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлөхөөр зохицуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуультай зөрчил бий болгоод байгаа тул хууль хоорондын зөрчлийг арилгахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэл, аймгийн төвөөс бусад газарт тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгохоор хуулийн төсөлд тусгажээ.
Мөн чуулганаар Зөрчлийн тухай, Таримал ургамлын үр сортын тухай, Тариалангийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлав. Ийнхүү УИХ-ын өнөөдрийн чуулган өндөрлөв.