БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ирэх онд болох өвлийн Олимпын наадмын хотхоныг нэгдүгээр сарын 27-нд нээх төлөвтэй байна гэж тус наадмыг зохион байгуулах хорооны өндөр албан тушаалтан лхагва гарагт мэдээлжээ.
Бээжин хотын дэд захирагч, "Бээжин-2022” наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Жан Жяньдуны мэдээлснээр, ирэх оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Олимпын хотхон дэлхийн өнцөг булан бүрээс наадмыг зорин ирэх тамирчдад үүд хаалгаа нээжээ.
Өвлийн Олимпод оролцох Хятадын тамирчдын бэлтгэлийн тухайд Биеийн тамир, спортын ерөнхий газрын дэд дарга Ли Инчуань хэлэхдээ, "Одоогийн байдлаар манай улсын 29 шигшээ багийн 480 тамирчин Бээжингийн өвлийн Олимпод оролцох бэлтгэлээ базааж байна” гэв.
Бээжин хот 2022 оны өвлийн Олимпыг зохион байгуулах эрхийг авч байхад Хятад улс өвлийн наадмын 109 төрлийн гуравны хоёрт нь л оролцож байсан бол энэ удаа бүх төрөлд оролцохын төлөө бүхий л хүчин чадлаа дайчлах болно хэмээн Ли Инчуань хэлжээ.
Мөн Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дэд дарга Ван Мэймэй, "Бид Токиогийн Паралимпын наадмын үеэр хэрэгжүүлсэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах аргa хэмжээнүүдээс хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан хатуу хязгаарлалтуудыг мөрдөнө” гэжээ.