Америкийн "Pfizer” компанид гарган авсан "COVID-19”-ийн эмийг халдварын шинж тэмдэг илэрснээс гурван хоногийн дотор ууснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэлийг 89 хувиар бууруулж буйг тус компани баасан гарагт мэдэгдлээ.
Энэхүү судалгаанд "COVID-19”-өөр халдварласан, хүндээр өвчлөх эрсдэл өндөр 1200 гаруй хүнийг оролцуулж, эм, плацебо уусан хүмүүсийг харьцуулсны дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Тодруулбал, жинхэнэ эм уусан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол плацебо уулгасан 10 хүн нас баржээ.
Үүнтэй холбогдуулан "Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла, "Энэхүү эмэнд зөвшөөрөл олговол эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэлтэй 10 хүн тутмын есийнх нь эрсдэлийг арилгах боломжтой болохыг судалгааны дүн харуулж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Халдварт өвчин судлалын мэргэжилтнүүдийн хувьд эдгээр үр дүнг хэвлэлийн бага хурлаар танилцуулсан урьдчилсан дүгнэлт бөгөөд анагаах ухааны сэтгүүлд хянан нягтлуулаагүй гэдгийг сануулсан ч "COVID-19”-ийн эсрэг үр дүнтэй, хялбар хэрэглэх боломжтой эмийн судалгаанд дахин нэг томоохон ахиц дэвшил гарч байгааг онцолсон байна.
Одоогоор "COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд ашиглахыг зөвшөөрсөн эмчилгээнүүдийг зөвхөн судсаар тарьж байгаа юм. Анагаах ухааны "Emory” их сургуулийн доктор Карлос Дел Рио хэлэхдээ, дотуур ууж хэрэглэх эмийг гарган авна гэдэг маш чухал гэв. Ийм эмнүүд нь вакциныг орлохгүй ч одоогоор "COVID-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс сэргийлэх хамгийн аюулгүй, үр дүнтэй аргад тооцогдож байна.
Саяхан Америкийн "Merck” компани өөрсдийн гарган авсан эмэндээ зөвшөөрөл авах хүсэлтийг Хүнс, эмийн чанарын хяналтын газарт /FDA/ гаргасан бөгөөд энэ оны эцсээс өмнө яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл авч магадгүй байна. Энэхүү эм нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг 50 хувиар бууруулсан дүн үзүүлсэн. "Pfizer”-ын эмийнхтэй харьцуулахад энэ нь сул үзүүлэлт хэдий ч өөр аргаар явуулсан судалгаануудыг шууд харьцуулахгүй байхыг мэргэжилтнүүд сануулж байгаа юм.
Хүнс, эмийн чанарын хяналтын газар аливаа эмэнд зөвшөөрөл олгохын өмнө аюулгүй байдал, үр дүнгийнх нь талаар нарийвчлан судалдаг. Тус байгууллагын зөвлөх хороо "Merck”-ийн эмэнд зөвшөөрөл олгох талаар 11 дүгээр сарын 30-нд хэлэлцэхээр товлоод байна.
"Pfizer” компанийн хувьд эмийнхээ талаарх холбогдох мэдээллүүдийг "аль болох ойрын хугацаанд” Хүнс, эмийн чанарын хяналтын газарт хүргүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Баасан гарагт танилцуулсан дүгнэлт нь одоогоор явуулж буй гурван туршилтын нэгийнх нь үр дүн юм. Иймд нөгөө хоёр судалгааны үр дүнг гарсны дараа буюу энэ оны эцсээр албан ёсоор хүсэлт гаргах төлөвтэй байна.