Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлээд өнөөдөр эх орондоо ирлээ.
Тэрбээр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагатай уулзахад байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өрнүүлж байгаа "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхийн улс орнууд талархан хүлээж авч, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Доктор, дэд профессор Д.Сэрдарам
Энэ талаар ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Д.Сэрдарам байр сууриа илэрхийллээ. Тэрбээр ‘Ерөнхийлөгч хийх ажлаа эх орондоо эхлүүлээд ирсэн учир дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд таатай хүлээж авлаа. Ажлын эхлэл бол тухайн ажлын тал нь гэдэг шиг бид нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэх, хүлээн зөвшөөрөгдөх ажлаа хийж дууслаа. Дэлхийн улс орон, олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хамтарч, тэдний дэмжлэгийг авах бүрэн боломжийг бүрдүүллээ’’ гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарик нар
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарик тус сан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах чиглэлээр Монгол Улс тодорхой санал, санаачилга гаргаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацүгү Асакава нар
Түүнчлэн Уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн доройтолтой тэмцэх чиглэлд Монгол Улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, санхүүжилтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсноо Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацүгү Асакава Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхахдаа хэлсэн юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кортней Раттрей, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Тэрбум мод” санаачилга дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт чухал хувь нэмэр болно гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кортней Раттрей онцолж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,
Дэлхийн банк группын Үйл ажиллагаа хариуцсан захирал Аксел ван Тротзенбург нар.
Дэлхийн банк групп Монгол Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд явуулж буй үйл ажиллагаа, манлайллыг тууштай дэмжихээ илэрхийлж, түүн дотроо тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн, түүний хэрэгжилт болон санхүүжилтийн тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, боломжит бүх дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио,
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилгыг дэмжиж байгаагаа мэдэгдэж, цөлжилт бол зөвхөн Монгол Улс төдийгүй бүс нутаг, цаашлаад дэлхий дахины асуудал тул цөлжилттэй тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолсон юм.