"Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат тэргүүтэй ХХААХҮЯ-ны төлөөлөл Итали улсад ажиллаж, уг төслийг хэрэгжүүлэх санамж бичгийг Италийн талтай байгуулжээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Итали улсын Милан хотноо суух өргөмжит Консул Паоло Бонеттиг өнөөдөр хүлээн авч уулзах үеэр тодотгож байв.
Дээрх санамж бичгийн хүрээнд энэ оны 10 дугаар сард төслийн нарийвчилсан ТЭЗҮ, судалгааг хийх ажлыг эхлүүлэхээр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг мөн Итали улсад ажиллаж, Италийн Засгийн газрын даатгалын "САЧИ” агентлагтай хамтран дэлхийн олон оронд томоохон төслийг амжилттэй хэрэгжүүлсэн "ИМАГРО” компанийн ерөнхийлөгч ноён Массимо Поллио болон холбогдох албаныхантай уулзжээ.
Энэ талаар өнөөдрийн уулзалтаар ярилцаж Монгол, Италийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах шаардлага байгааг дурдаж, хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой болж байгааг онцоллоо.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "ОХУ-д байгуулсан үйлдвэрийн зураг төслийн дагуу Монгол, Италийн талаас хариуцан ТЭЗҮ-ийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хамтарсан ажлын баг байгуулах, цаашид хоёр орны ЖДҮ-үүдийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ЖДҮГ болон Итали улсын Засгийн газрын "САЧИ” байгууллага, ИМАГРО компани хооронд хамтран ажиллах Санамж бичгийг ойрын хугацаанд үзэглэх хүсэлтэй байгааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдрийн уулзалтаар илэрхийллээ.