Ази тивийн сүүний түншлэлийн "Сарлагийн сүү үйлдвэрлэл” цахим хэлэлцүүлгийг энэ сарын 19-нд зохион байгуулна.
ХХААХҮЯ, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын ХХААБ, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Олон улсын сүүний холбоо, Дэлхийн Юрта холбоо хамтран зохион байгуулах хэлэлцүүлэгт Ази тивийн сүүний түншлэлийн гишүүн Монгол, Энэтхэг, Хятад, Бутан, Непал улс оролцоно.
Хэлэлцүүлгийн үеэр сарлагийн аж ахуй, сарлагийн сүүний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, баримталж буй бодлого, үйл ажиллагаа, бэрхшээл, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар ярилцах юм. Ази тивийн бүсийн хэлэлцүүлгийг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа үг хэлэх юм.
Түүнчлэн, Бутан улсын Хөдөө аж ахуй, ойн яамны Мал аж ахуйн газар, Непал улсын Сүүний салбарын үндэсний зөвлөл, Монгол Улсын ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ, Энэтхэг улсын Сарлаг судлалын үндэсний төв, БНХАУ-ын сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч "Treasure of Plateau” компаниас илтгэл тавьж танилцуулахыг ХХААХҮЯ мэдээлэв.
Мөн, Монгол Улсын Сарлагийн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Дэлхийн "Юрта” холбооны үүсгэн байгуулагч, захирал Сантьяго Бэнитез, БНЭУ-ын Сарлаг судлалын үндэсний төвийн захирал, доктор Михир Саркар, БНХАУ-ын сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүний тэргүүлэгч "Treasure of Plateau” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ванг Сикуан нар панелистаар оролцох аж.