Улсын онцгой комисс /УОК/-ын зөвшөөрлийн дагуу Шинэ Яармаг хороолол дахь "Мөсөн өргөө" өчигдөр /2021.11.13/ Гэр бүлийн өдөрлөгийн хүрээнд 50 хувийн дүүргэлттэй анхны нийтийн чөлөөт гулгалт зохион байгуулав.
Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, амралтын өдрөө ая тухтай дурсамж дүүрэн өнгөрүүлсэн байна.
Нийслэлчүүд Монголын анхны "Мөсөн өргөө" буюу Степпа Арена-д ирж, тэшүүрээр гулган, үлгэрийн баатруудын тоглолт сонирхон, арена лаунж, кофе шопоор үйлчлүүлэн, цагийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлэх боломж бүрджээ.
Гэр бүлийн анхны өдөрлөгт ирсэн хүмүүс, Монголд ийм мөсөн талбай үгүйлэгдэж байсан юм. Энэ том бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн, хөрөнгө оруулалт хийсэн хамт олонд баярласнаа илэрхийлж байлаа.
"Бид, мөсөн талбайд гулгахаас гадна хүүхэд багачуудын хүслийг татах хүүхэлдэйн тоглолт, дуу хөгжим тэдний хүсдэг үзвэр, үлгэрийн баатруудыг амилуулж хөл хорио гээд гэртээ байсан хүүхдүүдийн сэтгэл санааг сэргээх, эцэг эхчүүдийг хүүхдүүдтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэх үйлчилгээг нэвтрүүлж байна гэдгийг "Степпе Арена" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батмөнх онцолж байв.
Тэрбээр, "Монголын үндэсний компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд татварын дараах эздийнхээ хөрөнгөөр бүтээн байгуулсан олон нийтэд зориулсан үйлчилгээний барилга байгууламж нь өөрөө өртөг өндөр. Тодруулбал, мөсөө хөлдөөнө, цахилгаан, гэрэл техникийн зардал, агаар сэлгэлт гээд холбогдох, хоршиж ажиллах өндөр зардалтай тоног төхөөрөмжүүд бий. Мөн үйлчилгээ үзүүлэх олон ажилтан бий. Бид 40 гаруй ажлын байр шинээр үүсгэж, тэднийхээ цалин нийгмийн даатгалыг төлж байна. Өртөг яривал өндөр. Хэвлэл мэдээллээр өртөг өндөр байна гэсэн мэдээ гарсан. Манай үйлчлүүлэгчид өртөг өндөр эсэхийг нь хэлэх байх. Олон улсын түвшинтэй харьцуулахад маш бага зардлаар үнэлгээгээ тогтоосон. Нийгэмд буруу ойлголт өгч байгаад харамсалтай байна. Бидэнд хүсэлт гаргасан хүн бүртээ хамтран ажиллахад бэлэн. Эхнээсээ ч хамтарч байгаа. МҮОХ-ноос хүсэлт гаргавал бид таатай хүлээн авна. Бид санал солилцож байсан. Олимпод оролцохоор бэлтгэлээ хийж буй мөсний тамирчидтай хамтарч ажиллахад ямар ч асуудалгүй. Шорт трейк, уран гулгалт, хоккейн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Хоккейн 4-5 клуб хамтын ажиллагааны гэрээ байгуулсан" гэлээ.