Баян-Өлгий аймгийн Сурын холбооноос 2019 оны нээлтийн харваа болох урианхай сурын мөсөн сурын цуваа харвааг энэ сарын 11-ний өдөр Толбо нуур дээр зохион байгуулжээ.
Мөн энэ үеэр эмэгтэйчүүд болон хүүхдийн дунд мөсний шагайн харвааны тэмцээнийг давхар явуулжээ. Мөсөн сурын харваанд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Булган, Буянт, Өлгий сумдаас 75, Ховд аймгаас 10, нийтдээ 85 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн Булган сумын харваач А.Эрдэнэ-Очир 19 оноогоор тэргүүлжээ. Харин мөн сумын харваачид болох Д.Алтангэрэл /19 оноо/, Д.Эрдэнэ-Очир /19 оноо/, М.Сүхтулга /18 оноо/ нар удаах байруудад тус тус шалгарсан байна.
Ахмадын цуваа харвааны төрлөөр тус аймгийн Өлгий сумын харваач Н.Нацаг, эмэгтэйчүүдийн мөсөн харваанд Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын харваач С.Алтанзул, хүүхдийн мөсөн шагайн харваанд Өлгий сумын ерөнхий боловсролын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн зургадугаар ангийн сурагч Д.Золбоо нар тус тус аваргалсан байна.