Шведийн алдарт дөрвөл болох ABBA хамтлагийн "Voyage” нэртэй шинэ цомог Их Британийн хит парадыг тэргүүлж, тус хамтлаг хэд хэдэн амжилтыг нэр дээрээ бүртгүүллээ гэж хөгжмийн чартуудын жагсаалтыг гаргадаг "Official Charts company” компани мэдээлжээ.
ABBA хамтлаг 11 дүгээр сарын 5-нд шинэ цомгоо гаргасан билээ. 40 жилийн дараа гаргасан уг цомог нь долоо хоногийн дотор Их Британид 204 мянган удаа борлогдсон байна. Энэ үзүүлэлтээр "Voyage” цомог энэ жилийн дээд амжилтыг тогтоосон бол 2017 оны гуравдугаар сард Эд Шираны "Divide” цомог гарснаас хойш 4 жил хагасын хугацаанд борлуулалтынхаа эхлэлийг хамгийн амжилттай тавьсан цомог болжээ.
Энэхүү цомог нь хөгжмийн чартуудын дээгүүрт бичигдсэн Шведийн хамтлагийн 10 дахь цомог нь болсон бол ABBA хамтлаг Их Британийн цомгийн жагсаалтыг тэргүүлсэн долоо хоногийн тоо 58 болсон байна. Энэ үзүүлэлтээр олон жилийн дараа дахин нэгдсэн тус хамтлаг Элвис Пресли болон "The Beatles” хамтлагийн дараа орж байгаа юм.