Улсын онцгой комиссын 28 дугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар Коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон эм, эмнэлгийн хэрэгслийн гурван сарын нөөц бүрдүүлэх асуудлыг хэлэлцэв. Мөн хилийн боомтуудын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, коронавирусний эсрэг вакцины гуравдугаар тунд иргэд хамрах нь нэмэгдэж байгаа нь халдвар буурах үндсэн шалтгаан гэдгийг тодотгов. Өнөөдрийн байдлаар, нийт хүн амын 69.4 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, дархлаажуулах нэмэлт тун буюу гуравдугаар тунд 18 хувь нь хамрагдаад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 50 хувиар багасаж одоогоор 8100 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Нас баралт багасаж, жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусний халдвараар өвчлөх нь 40 хувиар буурсан гэж танилцууллаа.
Малын гоц халдвар Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Гурван удаагийн татан авалтаар шүлхий өвчнөөс сэргийлэх 10 сая тун вакциныг хүлээн авч, нийт 14 аймгийн 124 сумын 16.2 сая толгой малд тарьсан байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах, нөөц бүрдүүлэх, нийлүүлэх ажлыг тасалдал үүсгэхгүй зохион байгуулахыг Эрүүл мэндийн яам болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргад даалгав. Улсын эмнэлгүүдэд хангамж сайн байгаа бол хувийн эмнэлгүүдэд ямар хэмжээнд байгааг судалж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах ёстойг санууллаа.
Мөн вакцинжуулах ажлыг идэвхжүүлэх, нэмэлт тунгийн талаар иргэдэд мэдээ, мэдээллийг хүргэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргад зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад, Нийслэл, орон нутгийн удирдлагуудад өвөлжих бэлтгэл сайтар хангах, сайжруулсан түлшний нийлүүлэлт, нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.