Японы "Panasonic” корпорац интернэтэд холбогдон олон төрлийн үйлчилгээ авах боломжтой тээврийн хэрэгслүүдийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор автомашин үйлдвэрлэгчдэд зориулан цахим халдлагаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын системийг хөгжүүлж байна.
Энэхүү шинэ систем нь интернэтэд холбогдсон автомашинуудын программ хангамжид үүссэн доголдлыг илрүүлэх ба "Panasonic”-ийн холбогдох мэргэжилтнүүд, автомашин үйлдвэрлэгчдэд автомашинуудыг цаг үргэлж хянах боломжийг олгоно гэж Японы электроникийн конгломерат мэдээлжээ.
10 дугаар сүүлээр "Panasonic” Токио хотод байгуулагдсан хяналтын төвд цахим халдлага болон түүнийг хэрхэн илрүүлэх туршилт хийжээ. "Автомашиныг жолоодож байх үед компьютержсэн хяналт алдагдвал хүний амь насыг хохироох осол гарч болзошгүй. Иймд аливаа доголдлыг эрт үед нь илрүүлэх хэрэгтэй. Манай компанийн систем нь үүнийг гүйцэтгэх чадвартай юм” гэж компанийн төлөөлөгч ярьжээ.
"Ингэснээр мэргэжилтнүүд мэдээлэл цуглуулах, автомашины системийг шинэчлэхэд хамтран ажиллаж, гадны халдлагаас урьдчилан сэргийлэх шаардлага гарсан үед суурилагдсан программ хангамжийг зайнаас шинэчлэх боломжтой” гэж "Panasonic” мэдээлжээ. Мөн хяналтын төв нь Японд төдийгүй хилийн чанад дахь автомашинуудыг нэгдсэн журмаар хянах боломжтой байна.
"Fuji Keizai” судалгааны фирмийн тооцоогоор, интернэтэд холбогддог автомашинуудын тоо цаашид эрчимтэй нэмэгдэж, 2019 онд дэлхийн хэмжээнд худалдаалагдсан бүх суудлын автомашины 34 хувийг эзэлж байсан бол 2035 он гэхэд 80 хувьд хүрэх төлөвтэй байна. "Panasonic” системээ салбарын стандартад нийцүүлэхийн тулд мэдээллийн технологийн компаниудтай хамтран ажиллах ажээ.
Японы Засгийн газар ч мөн цахим халдлагатай тэмцэх арга хэмжээнүүдээ бэхжүүлж байна. Тухайлбал, ирэх оны долоодугаар сараас хойш худалдаалагдах, жолооны хяналтын систем нь зайнаас шинэчлэгддэг автомашинууд Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны үзлэгт орох шаардлагатай болно. Үүгээр автомашин үйлдвэрлэгчид цахим аюулгүй байдлыг баталгаажуулсан, программ хангамжийн шинэчлэлтийг хангасан эсэх зэргийг шалгана гэж тус яам мэдээлсэн байна.