Татварын шинэчлэгдсэн хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр иргэд татвар төлөгчийн дугаартай болж, цахимаар татварын бүх төрлийн үйлчилгээг авах боломж бүрдээд байна.
Энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын татварын албаны тайлангийн систем болох www.e-tax.mta.mn сайтыг "Цахим татварын систем” болгон өргөжүүлж www.etax.mta.mn болгон өөрчилж байна.
Цахим тайлангийн системд суурилан хийгдсэн Цахим татварын системд зөвхөн хувь хүн өөрийн бүртгэлээр нэвтрэх юм. Системд нэвтэрсний дараа байгууллагыг бүртгэх, эрхийг тохируулдаг болсноороо онцлог юм. Энэхүү систем нь:
татварын тайланг санхүүгийн программаас шууд илгээх,
цахим төлбөрийн баримтын системийн өгөгдлөөс хялбаршуулсан тайланг бэлтгэдэг зэрэг давуу талтай болж байна.
Мөн технологийн хувьд сайжирч, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт боловсронгуй болж,
цахим гарын үсгийг ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.
Энэхүү шинэчилсэн системийг энэ оны 2 дугаар сарын 2-ноос эхлэн системд бүртгүүлэх, нэвтрэх байгууллагын эрх холбох, эрхийн тохиргоо хийх, Авто тээврийн хэрэгслийн албан татвар төлсөн төлбөрийн баримт хэвлэх зэрэг үйлдлийг хэрэглээнд нэвтрүүлээд байна.
2019 оны жилийн эцсийн тайлангийн хугацаа дууссаны дараа шинэ системд бүрэн шилжинэ. Тиймээс татвар төлөгч нар etax.mta.mn сайтад хандан дараах үйлдлүүдийг урьдчилан хийж шаардлагатай байгааг татварын байгууллагаас анхаарууллаа. Үүнд:
Хувь хүн шинэ системд бүртгүүлэх,
Бүртгэлийн дагуу системд нэвтрэх,
Нэвтрэн орсны дараа татвар төлөгч аж ахуйн нэгжийг бүртгэх,
Эрхийн тохиргоо хийх.
Монголын татварын алба нь Татварын удирдлагын нэгдсэн системийг өнгөрсөн онд ашиглалтад оруулснаар нэгдсэн мэдээллийн баазтай болсон Ингэснээр мэдээлэл солилцооны хурд нэмэгдэж, татвар төлөгч нарт хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдээд байгаа юм.
Шинэчлэгдэж буй Цахим татварын системд нэвтэрсэн хаягаар www.etax.mta.mn, www.itax.mta.mn болон ebarimt аппликейшн гэсэн гурван системд нэг нэр, нууц үгээр нэвтэрдэг болох юм. Цахим татварын системд ажиллах зааврыг эндээс үзнэ үү.