БНСУ-ын эрх баригчид дэлхийн хамгийн анхны хөвдөг хотыг улс орондоо байгуулахаар "Oceanix” компани болон НҮБ-тай тохиролцоонд хүрчээ.
Энэхүү өвөрмөц хотыг Өмнөд Солонгосын Бусан хотын ойролцоо байгуулах бөгөөд төслийг 2025 он гэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хөвөгч хотын загварыг "Oceanix” компани Данийн архитектурч Бьярке Ингелстэй хамтран гаргасан бөгөөд тавцангууд бүхий зургаан өнцөгт хэлбэртэй байх аж. Энэхүү "цасан ширхгийн" хэсэг бүрд 300 хүн тухтай амьдрах гэнэ.
Зургаан өнцөгт нь орон зай төдийгүй материал хэмнэх боломжтой архитектурын хамгийн үр ашигтай хэлбэрүүдийн нэгд тооцогддог ажээ. Хотын тавцангуудыг бетоноос 2-3 дахин хатуу шохойн чулуугаар хучиж бэхжүүлэх ч хөвдөг байх юм. Ийм материалыг усан доорх чулуунуудыг цахилгаан гүйдэлд оруулах замаар бүтээдэг учир цаг хугацааны явцад улам бат бөх болж, цаг агаарын хүнд нөхцөлийг тэсвэрлэдэг болдог байна.
Энэхүү төслийн зорилго нь хоол хүнс, эрчим хүч, цэвэр усаа үйлдвэрлэдэг, үерээс хамгаалагдсан хот байгуулах юм. Тавцангуудын доорх орон зайг далайн гаралтай хоолонд хэрэглэдэг далайн хясаа, янз бүрийн ургамал үржүүлэхэд ашиглах бол аквапоник буюу хөрсгүй тариалалтдаа хэрэглэх бордоог загасны гэдэс дотрыг ашиглан гаргаж авах гэнэ.
НҮБ-ын дэмжлэгтэй уг төслийн өртөг нь 200 сая ам.доллароор хэмжигдэж байгаа бөгөөд эцсийн зураг төсөл, барилгын материалын сонголтоос хамааран өөрчлөгдөж магадгүй байна.