МАН-ын 30 дугаар хуралд тус намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийг бодлого" сэдэвт илтгэлээ танилцуулав.
МАН-ын 30 дахь Их хурлыг албан ёсоор эхлүүлсний дараа Мандатын комисс болон хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа. Ингэснээр МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хурлын төлөөлөгчдөд илтгэлээ танилцуулсан юм. Тэрбээр, "МАН-ын түүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн Их хурал дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй цар тахлын нэн хүнд цаг үед зохион байгуулагдаж байгааг онцлоод, "МАН өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ногдлоо” хэмээн тодотгов. Үргэлжлүүлэн тэрбээр цар тахлын хүнд үед ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, удаа дараагийн сонгуульд дараалсан ялалт байгуулсан учраас "Ялалт бол хариуцлага” хэмээн хүлээн авч байгаагаа онцлоод эдийн засагт шинэ сэргэлт гаргахад эрх баригч нам гол бодлогоо чиглүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Ингээд түүний илтгэлийг бүрэн эхээр нь толилуулж байна.
Эрхэм Монголчуудаа,
Намын Их хурлын төлөөлөгчид өө,
Хүндэт зочид оо,
Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос Монгол Ардын Намын 278 мянган гишүүдийг төлөөлж, намын 30-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож буй Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Одоогоос зуун жилийн тэртээ, улс орны маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал алдагдсан нэн хүнд цаг үед манай намын Анхдугаар их хурал хуралдаж, "Эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээх явдал бол гол зорилт мөн” хэмээн тунхаглаж байжээ.
Өнөөдрийн манай намын түүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн их хурал ч Дэлхийн 2-р дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй Цар тахлын амаргүй цаг үед зохион байгуулагдаж байна.
Монгол Ардын Нам өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол, Шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг Та бидэнд ногдлоо.
Эрхэм журмын нөхөд өө,
1921 онд Солийн Данзан, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, ДАНСРАНБИЛЭГИЙН Догсом, Догсомын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын эх орончид нэгдэн Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намыг үндэслэн байгуулж, Ардын хувьсгалыг удирдаж ялалтад хүргэсэн билээ.
Ардын хувьсгалын анхны долоон баатраа 100 жилийн ойн намын 30-р Их Хурлын индрээс хүндэтгэн дурсаж байна.
1921 оны Ардын хувьсгал бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын шууд үргэлжлэл, даяар Монголын гал голомтыг сэргээн мандуулах тэмцэл байсан юм.
1911 онд наймдугаар Богд Жавзандамба хутагт болон МИНЖИДДОРЖИЙН Ханддорж, Гомбын Цэрэнчимэд, Төгс-Очирын Намнансүрэн тэргүүтэй эх орончид Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлсан түүхтэй.
Монголын ард түмэн 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд ТУСГААР ТОГТНОЛОО хамгаалж, 1945 оны бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолын төлөө эвлэлдэн нэгдэж, олон жилийн мятаршгүй тэмцлийн үр дүнд 1961 оны 10-р сарын 27-ны өдөр Улаанбаатарын цагаар 04 цаг 15 минутад төрийнхөө алтан соёмбот далбааг Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэнгэрт мандуулан, эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол төрийнхөө гал голомтыг эргэн сэргээж, даян дэлхийд тунхаглан зарлаж чадсан билээ. Монгол Ардын Намын 100 жилийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүх юм.
Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнхийн удирдсан он жилүүдэд Соёлын довтолгоон, Атрын аяныг өрнүүлэн, бүх нийтээрээ бичиг үсэгтэн болж, шинжлэх ухааныг хөгжүүлж, Аж үйлдвэр – хөдөө аж ахуйн орон болох их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэн, сансарт хүртэл хүнээ нисгэсэн гайхамшигт түүхийг бүтээж чадсан юм.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар, Зөвлөлт Холбоот Улсын Баатар, Сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа өнөөдөр Та бидний дунд сууж байна.
1980-аад оны сүүл үеэс Зөвлөлт Холбоот Улсад эхэлсэн Перестройка буюу Өөрчлөн байгуулалтын салхийг тухайн үеийн социалист орнууд өөр өөрийн байр сууринаас хүлээн авч, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон билээ. Жамбын Батмөнх, Цэрэндашийн Намсрай тэргүүтэй Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүд эх орондоо ардчилсан өөрчлөлт хийхийг эрмэлзсэн ЗАЛУУСЫН дуу хоолой, нийгмийн захиалгыг соргогоор мэдэрч, тайван замаар нийгэм, эдийн засгийн шилжилтийг удирдан зохион байгуулж чадсан түүхтэй.
Хүний эрх, эрх чөлөө, олон ургалч үзэл, олон намын тогтолцоо бүхий парламентын засаглал, зах зээлийн эдийн засаг, хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах зэрэг ардчилсан үнэт зүйлсийг тунхагласан 1992 оны шинэ Үндсэн хуулийг баталсан Ардын Их Хурлын депутатуудын 83 хувь нь Монгол Ардын Намын гишүүд өөрсдөө байлаа.
Ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний хамтын хүсэл, бас ЗОРИГ байсан юм. Ардчилал бол ард түмний засаглал. Ардчилал бол хувь хүн биш, хууль засагладаг нийгэм. Ардчилал бол эрх чөлөө, үүрэг хариуцлагын нийлбэр. Ардчилал бол иргэн бүрийн идэвхтэй оролцоо юм.
Ардчилал бол амьдралыг тэтгэгч амьсгалах агаар мэт анзаарагддаггүй ч алдрах цагтаа эрүүл нийгмийн аминд хүрэх Та бидний нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой ҮНЭТ ЗҮЙЛ юм аа.
Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшлийг цогцлоож, өнөөдрийн Монголыг бүтээлцсэн үе үеийн эх орончид, нэр нь үлдээгүй ч үйлс нь мөнхөрсөн баатрууддаа гүн хүндэтгэл илэрхийлье.
Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо мандуулах үе үеийн эх орончдын тэмцэл ДАРДАН байгаагүй ээ. Гадаад дотоод хүчин зүйлийн нөлөө, үзэл суртлын хэт туйлшрал, улс төрийн зөрчил тэмцлийн улмаас ЭМГЭНЭЛТ ХЭЛМЭГДЭЛД хүрсэн гунигт түүхийн хуудас ч бидэнд бий...
Энэхүү улс төрийн хэлмэгдэлд өртөж, хилс гэсгээл хүртсэн эх орончид, гэм зэмгүй ард иргэд, лам хуваргууд болон манай намын гишүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөөс нь 100 жилийн түүхээ ЭРГЭН ДҮГНЭЖ буй энэ өдөр Монгол Ардын Намын даргын хувьд УУЧЛАЛ гуйж байна...
Их хурлын эрхэм төлөөлөгчид өө,
Монгол Ардын Намын хоёр зууны түүхэн солбицолд Та бид Цар тахлын амаргүй сорилттой нүүр тулгарлаа. Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө.
Цар тахлаас улбаалж, эдийн засаг хасах 5.3 хувь хүртэл агшиж, 200 гаруй мянган ажлын байр бодитой эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаараа дүйцэж очих хоёр дахь хүнд үе байлаа.
Цар тахлын үед Монгол Ардын Нам 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд 82.9 хувь, орон нутгийн сонгуульд 57.6 хувь, 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 67.7 хувиар ялалт байгуулж, мөн Улсын Их Хурлын нөхөн сонгуульд амжилттай оролцлоо.
Амаргүй цаг бүрд ачааны хүндийг Ардын намд үүрүүлж, итгэж дэмжсээр ирсэн АРД ТҮМЭНДЭЭ гүн талархал илэрхийлье.
Хоёр зууны түүхэн заагт намын даргаар ажиллаж, намынхаа шинэ зууныг ялалтаар буухиалан залгамжлуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд баярлалаа.
Ялалтын буухиаг манлайлсан журмын нөхөддөө, энэхүү амжилтыг бүтээлцсэн нийт гишүүд, дэмжигчид Та бүхэндээ талархал илэрхийлье!
Эрхэм журмын нөхөд өө,
Ялалт бол хариуцлага, сорилт бол боломж юм.
Би илтгэлийнхээ эхэнд Монгол Ардын Нам өнгөрсөн зууныг тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол, ирэх зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө зориулагдана гэж онцолсон билээ.
Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна.
Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын шаналал, сорилт байсаар ирсэн. Харин энэ удаа улс орон даяараа, нийт ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь хугацаа алдалгүй ШИЙДЭЛ гаргах цаг ирсний дохио биз ээ.
Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна.
Ийм ч учраас Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд шинэ зууны зорилтоо тодорхойлох намын 30-р их хурлын үндсэн илтгэлийг ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨХ "ЗУУНЫГ ЭХЛҮҮЛЭХ ЗУРГААН СЭРГЭЛТ” БУЮУ ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО хэмээн нэрлэсэн юм аа.
Монгол Улсын Их Хурлаас баталсан "Алсын хараа - 2050” урт хугацааны бодлого нь ШИНЭ ЗУУНЫ гуравны нэгийг тодорхойлох хөгжлийн үндсэн чиглэл мөн. Өнөөдөр дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого нь "Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай, хөгжлийг хязгаарлагч, боомилогч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэх, цар тахлын эдийн засгийг богино хугацаанд сэргээх зорилтот хөтөлбөр юм.
Хөгжлийг боомилогч хүчин зүйлсийг богино хугацаанд шийдвэрлэж, эдийн засгийн суурь багтаамжийг цаг алдалгүй тэлж чадвал Монгол Улс нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 дахин өсгөж, ядуурлыг 5 дахин бууруулж, чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэх зорилт бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ.
Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай намын хувьд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг онцгойлон дэмжиж, төрийн үйлчилгээний хүртээмж, цалин тэтгэвэр, амьдралын чанарын суурь үзүүлэлтүүдийг СКАНДИНАВЫН орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн хэрэгжүүлнэ.
Иргэн бүр жил бүр эрүүл мэндийн оношлогоонд үнэ төлбөргүй хамрагдаж, олон улсын чанарт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо авдаг болох нөхцөлийг бүрдүүлнэ. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, дотоодын эрүүл хүнсээр бүрэн хангах зорилтоо хэрэгжүүлнэ. Монгол хүүхдийн төрөлх гарваль шинж, давтагдашгүй онцлогт тулгуурлан тэдний олон талт авьяасыг нээн хөгжүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйн иргэдийг бэлтгэх боловсролын тогтолцооны цогц шинэчлэл хийнэ.
Монгол бол залуучуудын орон. Залуучууд зорилготой, орлоготой, орон сууцтай, өөрийн хуримтлалтай байхад чиглэсэн дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо бүрдүүлнэ. Залуучуудын амьдралын баталгаа бол Монгол Улсын ирээдүйн баталгаа юм.
21 дүгээр зуун бол хурдны зуун юм. Хурдыг бүтээмж, бүтээмжийг хөгжил дагадаг.
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг технологийн хөгжлийн эрин үед бид дэлхийн дэвшилтэт ололтыг угтаж, шинжлэх ухаан, инноваци, техник технологийн салбарыг үсрэнгүй хөгжүүлж, хөрвөх чадвараа сайжруулах шаардлагатай байна аа.
Шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн ИНЖЕНЕРҮҮДИЙГ төрийн зүгээс бодлогоор дэмжиж бэлтгэх болно.
Өнөөдөр миний бие Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлууд, гарц шийдлийн тухай ЗУРГААН БАГЦ АСУУДЛЫГ ярихаар бэлтгэлээ. Учир нь эдгээр ХӨГЖЛИЙГ ХЯЗГААРЛАГЧ хүчин зүйлсийг хамтдаа шийдвэрлэж чадахгүйгээр ямар ч сайхан зорилт дэвшүүлсэн ЦААСАН ДЭЭР ЦАРЦАЖ үлдэх эрсдэлтэй юм. Тиймээс эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх, шинэ зуунаа эхлүүлэх ЗОРИЛГО Ч, "Алсын хараа-2050” хөгжлийн БОДЛОГО Ч энэхүү зургаан асуудалтай ус, агаар, хөрс мэт шүтэн барилдлагатай юм аа.
Нэг. Боомтын сэргэлт
Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай.
Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, улирлын чанартай бүтээн байгуулалт зэрэг хөгжилд саад болдог хүчин зүйлс багагүй бий. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын 4 боомттой. Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг.
Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. Эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсч цус харвалтын өмнөх байдалд орсон БООМТУУДЫНХАА БОЙМЫГ тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм.
Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид "Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм.
Өнөөдөр дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги, Цагаан