"Омикрон” хувилбарын тархалтын улмаас ирэх оны дунд үе хүртэл хойшлоод буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт /ДЭЗЧУ/ уламжлал ёсоор Швейцарын Давос хотноо болно гэдгийг тус чуулга уулзалтыг үүсгэн байгуулагч Клаус Шваб нэгэн сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.
Швейцарын "Blick” сонинд өнөөдөр нийтэлсэн ярилцлагын үеэр К.Швабаас дэлхийн бизнесийн салбарын манлайлагчид, улстөрчдийн хуран цугладаг чуулга уулзалтыг Сингапурт зохион байгуулах талаар дахин хэлэлцэх эсэхийг тодруулахад, "Энэхүү уулзалт Давост болно” хэмээн хариулсан байна.
ДЭЗЧУ-ыг зохион байгуулагчид 2021 оны чуулга уулзалтыг Сингапурт зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч хожим нь цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд цуцалсан юм. Мөн ирэх оны уулзалтыг нэгдүгээр сард товлоод байсан хэдий ч "омикрон” хувилбарын тархалтын улмаас 2022 оны дунд үе хүртэл хойшлуулснаа даваа гарагт мэдэгдсэн билээ.