Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хууль энэ оны эхнээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байна. Хуульд орсон нэг шинэчлэл нь хөдөлмөрийн маргааныг хурдан шийдэх эрхзүй бүрдэж буй явдал юм. Тодруулбал, хуулиар 20 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага бүр өмчийн хэлбэр үл харгалзан хөдөлмөрийн маргааныг таслах орон тооны бус, байнгын ажиллагаатай комисс байгуулан ажиллах юм. Харин 15-аас доош ажилтантай байгууллага сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд хандах боломжтой болж байна.
Комисс нь хөдөлмөрийн харилцаанд гарсан аливаа маргааныг 10 хоногийн дотор шийдвэрлэж байх юм. Ингэснээр хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан, үйл явцыг аль болох хурдан хугацаанд, бага зардлаар шийдэх боломжтой болжээ. Маргааныг анхан шатанд шийдвэрлэхэд илүү үр дүнтэй байдаг гэдгийг ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, хууль тогтоомж хариуцсан хэлтсийн ахлах шинжээч Ш.Маяа онцолж байна.
Хуульд "Хөдөлмөрийн харилцаан дахь нийгмийн түншлэл” гэсэн шинэ бүлэг нэмж оржээ. Энэ нь хөдөлмөрийн харилцаа, маргааныг аль болох нийгмийн түншлэлийн зарчмаар шийдвэрлэх зорилгыг агуулсан байна.
Шүүх дээр очих тусам тухайн маргаан удаан үргэлжилж, талууд хоорондоо ойлголцолдоггүй, үл ойлголцол үүсдэг зэрэг сөрөг талтайг тэрээр тодотгож байна. Өмнө нь ажлаас гэнэт халагдсан болон чөлөөлсөн маргаан шүүх дээр дор хаяж 2 жил болж, цаг хугацаа алддаг байдал их гардаг. Ингэснээр тухай ажилтан болон ажил олгогч, аль аль талд их зардал гарч, цаг хугацаа шаардаж, алдаж үрэгддэгийг хэлж байна. Шүүхийн шийдвэрээр тухайн ажилтан ажилдаа буцаан томилогдох юм уу эргэн ороход байгууллага нь хүлээн зөвшөөрч авдаггүй зэрэг зөрчил гарсаар ирсэн. Энэ байдлыг одоо богино хугацаанд, шууд хурдан шийдэх боломжтой болж байна.
Хуулийн 156 дугаар зүйл: Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс:
156.1.Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулна.
156.2. Хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэхээр 20-оос доош ажилтантай ААН, байгууллага байнгын бус комисс байгуулж болно.
156.3. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь ажил олгогч болон аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон ажилтны тэнцүү тооны төлөөллөөс бүрдэнэ.
156.4. Энэ хуулийн 156.3-д заасан төлөөлөгч нь ААН, байгууллагын захиргааны бүрэлдэхүүнд хамаарах албан тушаалтан байхыг хориглоно.
156.5. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэх боломжтой бүх арга хэмжээг авах үүрэгтэй.
156.6. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрмийг Засгийн газар батална.