Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдэд хуулийн хариуцлага тооцно гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэв.
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр тэрбээр, Хөгжлийн банк нь нийт 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцтай. Үүнээс 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлийн ангилалд орох эрсдэлтэй байна. Тиймээс Хөгжлийн банк тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн 14 зээлдэгчийн асуудлыг хууль, хяналтын асуудлыг шалгаж байгаа юм. Хөгжлийн банкнаас зээлийн асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхэд ихээхэн хугацаа алдаж байгаа гэсэн мэдээллийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан. Түүнчлэн шүүхээс шийдвэр гарсан ч уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд хугацаа алдаж байгааг дурдсан. Хөгжлийн банк чанаргүй зээлийг бууруулах үүднээс шат дараатай ажил хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 24-нөөс өнөөдрийг хүртэл 8.6 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүд буцаан төлсөн байна. Хөгжлийн банкны олгосон 20 зээл буюу 520 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа. Үүнийг хуулийн байгууллагуудаар шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Цаашид Засгийн газар Хөгжлийн банкыг дэмжинэ. Зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцно” гэлээ.
Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэхэд Монголбанк, АТГ-ын удирдлагууд оролцож, хяналт шалгалтын талаар мэдээлэл өгсөн байна. АТГ-аас хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг ХЗДХ-ийн сайд дурдлаа.
Ташрамд дурдахад, Монгол Улсын хөгжлийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, зээл олгох зорилгоор 2011 онд Хөгжлийн банкыг байгуулсан бөгөөд 100 хувь төрийн өмчит банк юм. Хуулийн хүрээнд энэ банк нийт зээлийнхээ хамгийн багадаа 60 хувийг экспортыг дэмжих үүднээс аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөрт олгох ёстой аж.