Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүсийг нийслэлийн баримжаатай хөгжүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын багт мэргэжил арга зүйгээр туслах дэд баг өнөөдөр хуралдав.
Дээрх ажлын багийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны 11 дүгээр тогтоолоор байгуулсан юм. Ажлын багийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Сүхбаатар нар багтсан.
Тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн байгуулсан дээрх ажлын дэд багийн хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн даргалан явуулав. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Орхоны хөндий нийслэлийн баримжаатай шинэ "Хархорин” хот сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, ажлын дэд багийн гишүүд асуулт асууж, санал солилцов.
Ташрамд дурдахад, дэд ажлын багийг 2022 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Барилга, хот байгуулалтын яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Усны газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн удирдлагууд, Архангай, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ дахь МАН-ын бүлгийн холбогдох албан тушаалтан нийт 24 хүний төлөөлөлтэй байгуулсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.