Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар өөрийн орны бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллахаа илэрхийлж байна. Тодруулбал, дотоодод үйлдвэрлэсэн Монголын үндэсний бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Энэ нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх гол үндэс болно гэдгийг ерөнхий консул Ё.Нямжав онцолж байна.
Энэ үүднээс тус Ерөнхий консулын газар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-тай хамтран "ЖДҮҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох нь” хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулав.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвийн захирал Г.Гангамөрөн энэ удаагийн хэлэлцүүлгийг цаг үеэ олсон, ач холбогдолтой үйл ажиллагаа болсныг сайшааж, бодит мэдээлэл солилцоо нь бизнес эрхлэгч нарт нэн чухал болохыг дурдав.
Хэлэлцүүлгийн үеэр Шанхай хотод үйл ажиллагаа явуулж буй "Shanghai Shine” Trading Co.,Ltd, гүйцэтгэх захирал Б.Золцэнгэл "Монголын бүтээгдэхүүн өмнөд Хятадын зах зээлд” сэдвээр, "High Payment Solution” ХХК-ийн газрын захирал Б.Эрдэнэ "Хил дамнасан онлайн худалдаа” сэдвээр, "SFSL” ХХК-ийн менежер Б.Эрдэнэцэцэг "Гараас гарт олон улсын шуудангийн үйлчилгээ” сэдвээр, МҮХАҮТ-ын Шанхай хот дахь төлөөлөгч Б.Мэлмүүн "БНХАУ-д зохион байгуулдаг томоохон экпо” сэдвээр тус тус илтгэл тавив. Хэлэлцүүлэгт 120 гаруй компани, ААН-ийн төлөөлөл цахимаар оролцож, мэдээлэл туршлага хуваалцав.
Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар нь 2019 онд албан ёсоор нээгдэн үйл ажиллагаа явуулж байна. Тус газар нь БНХАУ-ын Шанхай хот болон Шянши, Фужянь, Жөжян, Аньхуй, Жянсу мужийг хариуцан ажиллаж байна. Тухайн бүс нутагт ажиллаж, суралцаж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятад болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, экспортын боломжийг БНХАУ-ын хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд сурталчлан таниулах, тус улсын дэвшилтэт техник технологийг Монголд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх зэргээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.