Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарийг хэвийн горимд шилжүүлсэн тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр мэдээлэв.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр хоёр төрлийн захирамж гаргасан байна. Тодруулбал, сар бүрийн 1-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон. Мөн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарийг тогтоох захирамж гаргажээ.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, "Цар тахлын үед бүх үйлчилгээг шөнийн 00.00 цагт зогсоосон байх шийдвэр өмнө нь гарч байсан. Тэгвэл Засгийн газраас Гамшгийн улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлсэнтэй холбоотой аж ахуйн нэгжүүдтийн цагийн хуваарьтай холбоотой дараах зохицуулалтыг хийсэн. Тухайлбал,
- хүнс худалдаа 00.00 цаг хүртэл ажиллах зохицуулалт хэвээр үйлчилнэ.
- Харин зориулалтын байртай ресторан, баар, кафе үүрийн 05.00 цаг хүртэл ажиллах боломжтой. Зориулалтын бус буюу орон сууцны барилгын доод давхарт ажилладаг бол шөнийн 00.00 цаг хүртэл ажиллана.
- Түргэн үйлчилгээний сүлжээ хоолны газар зориулалтын байртай бол 24 цагаар ажиллах юм. Харин орон сууцны доод давхарт ажилладаг бол шөнийн 00.00 цаг хүртэл ажиллаад, 06.00 цагаас ажиллах боломжтой.
- Ая тухтай дэлгүүр зориулалтын байртай бол 24 цагаар ажиллана. Орон сууцны доод давхарт ажилладаг бол 00.00 цаг хүртэл ажиллах цагийн зохицуулалттай" хэмээн танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, "Нийслэлийн Засаг дарга бизнес эрхлэгчдээ дэмжих, хүнд суртал, чирэгдэл бий болгож байгаа асуудлыг таслан зогсоох шийдвэрийг удаа дараа гаргаж байна. Шийдвэр гаргахын өмнөх тооцоо судалгааг хийсэн. Архидан согтуурахтай тэмцэхдээ хориглохоос илүүтэй соён гэгээрүүлэх, зохистой зөв хэрэглээг дэмжих бодлого явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Сар бүрийн 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох шийдвэр нь дамын наймаа болон хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэх, хяналтгүй ахуйн хүрээний архидалт руу түлхдэг нь судалгаагаар нотлогддог" хэмээв.
Жижиглэн худалдааны стандартыг 2019 онд шинэчилж, ая тухтай дэлгүүрийн стандартыг баталсан тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал мэдээллийн үеэр тодотгов. Тэрбээр, "Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 283 ая тухтай дэлгүүр ажиллаж байна. Ая тухтай дэлгүүр гэдэгт зөвхөн GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрээр төсөөлж болохгүй. Сансар, Номин, Миний сүлжээ дэлгүүрүүд ая тухтай дэлгүүрийн стандартыг нэвтрүүлсэн. Эдгээр ая тухтай дэлгүүрийн стандарт хангасан бол 24 цагаар ажиллах эрх нь нээлттэй" хэмээв.