Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас өнгөрсөн онд зөвхөн барилга, барилгын үйл ажиллагаатай холбоотой 1087 өргөдөл, гомдол иржээ.
Иймд ирэх 4 дүгээр сараас барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил эхлэх тул мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан "Онлайн бизнес төв” цахим системээр барилга байгууламжтай холбоотой үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, иргэн, аж ахуй нэгж байгууллагад авлига, хүнд суртал үүсгэхгүйгээр цахимжуулна. Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва хэлтэс, агентлагийн дарга нартай нийслэлийн энэ оны төсөвт тусгагдсан ажлыг эрчимжүүлэх хурлын үеэр цахимжуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов.
Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд олгож буй барилга байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл, зөвшөөрлийн шинжтэй 42 үйлчилгээ бий.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь архитектур төлөвлөлтийн даалгавар авахаас эхлэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах, комисс хүлээн авах хүртэл 12 төрлийн үйл ажиллагааны дараалал, шат дамжлагаар 381 төрлийн бичиг баримт бүрдүүлнэ. Эдгээрийг задалбал, давхардсан тоогоор 600 гаруй бичиг баримт бүрдүүлдэг байна.