Дараа нь өнөөдрийн хуралдаанд иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2020 оны 1 дүгээр улирлын тайлангийн танилцуулгыг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбаяр хүргэв.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын UB ERP систем дэх өргөдөл, гомдлын дэд системийг нийслэлийн нутгийн захиргааны 1143 байгууллага, 2579 нэгж, 24372 албан хаагч өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байна. Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 12860 өргөдөл, гомдол гаргаснаас 11597 буюу 91 хувь нь шийдвэрлэж, 1263 буюу 9 хувь нь шийдвэрлэх шатанд байгаа аж.
Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат "Иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацааг багасгаж ажиллах нь зүйтэй. Энд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүх шатны албан тушаалтнууд анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж ажилла. Мөн албан тушаалтнуудад өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбоотой сургалтыг өгөх нь зүйтэй. Хэрвээ өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй чирэгдэл учруулсан тохиолдолд хариуцлага тооцох ажиллах шаардлагатай” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс