Америкийн кино урлаг, шинжлэх ухааны академи Оскарын наадмын 94 дэх удаагийн шагнал гардуулах ёслолд оролцогчдод "COVID-19”-ийн вакцинд хамрагдсан, "PCR” шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах шаардлага тавина гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлжээ.
Кино урлагийн салбарын хамгийн дээд шагналыг гардуулах ёслолд оролцох жүжигчид, хөтлөгчид ч мөн адил "PCR” шинжилгээ өгөх шаардлагатай ч вакцинд хамрагдсанаа нотлохыг шаардахгүй гэж уг эх сурвалж "Reuters” агентлагт мэдээлсэн байна.
Ирэх гуравдугаар сарын 27-ны өдөр Холливидын "Dolby” театрт болох энэхүү үйл ажиллагааны үеэр амны хаалт зүүх харилцан адилгүй журмыг мөрдөнө. Тодруулбал, шагналд нэр дэвшигчид болон тэдний урьсан хүмүүс амны хаалт зүүх шаардлагагүй бөгөөд ердийн үеийнхээс өөр хоорондоо илүү зайтай суух юм байна.
Харин дээд давхарт суух үзэгчдийн хувьд мөр зэрэгцэн суух учраас амны хаалт зүүх шаардлага тавьж магадгүй байна. Лос-Анжелест "COVID-19” халдварын тохиолдлын тоо буурч байгаа бөгөөд наадмыг зохион байгуулагчид Засгийн газрын төлөөлөгчид, халдварт өвчин судлалын мэргэжилтнүүдтэй үргэлжлүүлэн зөвлөлдөж байгаа ажээ.
Энэ удаагийн наадмыг Америкийн жүжигчин Эми Шумер, Режина Холл, Ванда Сайкс нар хөтлөх бөгөөд түүхэндээ анх удаа гурван эмэгтэй хөтлөн явуулах юм.