Франц, Испанид "COVID-19”-ийн вакцинжуулалтын ачаар иргэд гадуур явахдаа амны хаалт зүүх шаардлагагүй болж байна.
Францын иргэд пүрэв гаргаас эхлэн гадуур явахдаа амны хаалт зүүх шаардлагагүй болсон хэдий ч нийтийн тээвэр, цэнгэлдэх хүрээлэн гэх мэт хүмүүс олноороо цуглардаг газруудад амны хаалт зүүх ёстой.
Улсын хэмжээнд лхагва гаргийн байдлаар насанд хүрсэн хүн амын 58 хувь буюу 30.3 сая гаруй хүн вакцины эхний тунд хамрагдсан бол 15.6 сая гаруй хүн /23 хувь/ хоёр тунгаа бүрэн хийлгэсэн байна. Францын Засгийн газар энэ зуны эцэс гэхэд 35 сая хүнийг вакцинжуулахаар төлөвлөж буй нь хүн амын тэн хагастай тэнцэх үзүүлэлт юм.
Мөн Испанийн Ерөнхий сайд Педро Санчез иргэд "тун удахгүй” гадуур явахдаа амны хаалт зүүх шаардлагатай болно хэмээн лхагва гарагт мэдэгдсэн боловч тодорхой хугацааны талаар дурдаагүй байна.
"Бид тун удахгүй гудамжинд явахдаа амны хаалт зүүхээ болино. Энэхүү журмыг цуцалснаар улсын хэмжээнд вакцинжуулалтын аян хэр эрчимтэй явагдаж буйг харуулна" гэдгийг тэрбээр онцолжээ. Испанид өнгөрсөн оны тавдугаар сараас гудамж, олон нийтийн газарт заавал амны хаалт зүүх журмыг мөрдөж эхэлсэн хэдий ч зургаагаас доош насны хүүхдүүд, дасгал хийж буй хүмүүс, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүст хамааралгүй байжээ.
Испанид сүүлийн мэдээллээр, орон даяар 33 632 590 тун вакцин тариад байгаа бөгөөд 13 007 731 хүн вакцинд бүрэн хамрагдсан байна. "Ойрын долоо хоногуудад хүн амын 50 хувь нь вакцины эхний тунд хамрагдана. Ийнхүү зуны эцэс гэхэд 47 сая хүн амынхаа 70 хувийг вакцинжуулах зорилтдоо хүрэх төлөвтэй байна” гэж П.Санчез мэдэгджээ.