Олон улсын тэшүүрийн холбооны /ISU/ төлөөлөгчид ирэх зургаадугаар сард болох ерөнхий ассамблейн үеэр насанд хүрэгчдийн тэмцээнүүд, тэр дундаа Олимпод оролцох уран гулгагчдын насны доод хязгаарыг 15-аас 17 болгон нэмэгдүүлэх санал гаргана гэдгээ "NHK” телевизэд мэдээлжээ.
Бээжингийн өвлийн олимпын наадмын үеэр ОХУ-ын Олимпын хорооны тамирчин, 15 настай Камила Валиевагийн сэргээшийн шинжилгээтэй холбоотой асуудал үүссэн. Тодруулбал, түүний өнгөрсөн 12 дугаар сард өгсөн шинжилгээний сорьцоос хориотой бодис илэрсний улмаас тэмцээнээс түр хассан юм.
Хожим нь Спортын арбитрын шүүх /CAS/ түүнийг тэмцээндээ үргэлжлүүлэн оролцохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 16 нас хүрээгүй учир холбогдох дүрэм журмын дагуу сэргээшийн зөрчил гаргасан ч тэмцээнээ үргэлжлүүлэх нөхцөл бүрджээ.
Баасан гарагт Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах мөн, "ОУОХ насанд хүрээгүй хүүхдүүд тэмцээнүүдэд оролцохтой холбоотой дүрэм журамд өөрчлөлт оруулах асуудлыг авч үзнэ” гэж мэдэгдсэн байна.