Швейцарын хөгжлийн агентлагийн тусламжаар Азийн сан, НЗДТГ хамтран хэрэгжүүлж буй "Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд "Бизнес процессын дахин загварчлал” сургалт зохион байгууллаа.
Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг сургалтыг нээх үеэрээ, "Төслийн хүрээнд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэхээр чармайж байна. Бизнес процессын дахин загварчлалын арга зүй нь төрийн байгууллагын бүтээмжийг нэмэхэд чухал арга хэрэгсэл тул цагаа олсон сургалт болж байгаа”-г дурдав.
НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд "Нийслэлээс төрийн үйлчилгээг иргэдэд амар хялбар, хүртээмжтэй хүргэхээр төрийн үйлчилгээг хорооноос олгох, цахимжуулах зэрэг ажил хийж байна. Эдгээр шинэчлэлийн ард бизнес процессын дахин загварчлал гэдэг арга хэрэгсэл ашигладаг. Энэ нь төрийн байгууллагын бүтээмжийг нэмэхэд ач холбогдолтой. Иймд дахин загварчлах замаар төрийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн аргачлал бий болгох шаардлагатай. Үүний тулд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, иргэн төвтэй төрийн үйлчилгээний хэлбэрт шилжих боломжийг өргөжүүлэх чиглэл бүхий Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан”-ыг онцолжээ.
Сургалтад НЗДТГ, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Үйлчилгээний нэгдсэн төв, "И-Монголиа” академи, "Аствишн”, "Ухаалаг шийдэл” ХХК зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл хамрагдлаа.