Мицубиши UFJ сангийн тэтгэлгийг Япон улсын MUFG /Эм Юү Эф Жи/ банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Кикүчи Какзүёши МУИС-ийн 12 оюутанд гардуулах ёслол өнөөдөр боллоо.
Энэхүү сургалтын тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд Японы талаас ноён Кикүчи Какзүёши, MUFG банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын менежер М.Мөнхзул, Монголын талаас МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Бадмаанямбуу, Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга, доктор М.Эрдэнэчимэг, мэргэжилтэн Н.Алтанзул болон 2021-2022 оны хичээлийн жилд тус сангийн тэтгэлгийг авах 12 суралцагч оролцлоо.
Хоёр улсын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд суралцагчдын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой тэтгэлгийг Япон улсын "Mitsubishi UFJ" сан нь МУИС-тай 2014 онд санамж бичгийг байгуулсан юм.
Ийнхүү 2014 оноос эхлэн тасралтгүй тэтгэлэг олгож ирсэн бөгөөд жил бүр МУИС-ийн байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрийн суралцагчдыг дэмжин 6 оюутан, бусад салбарын 10 оюутан, нийт 16 оюутанд тэтгэлэг олгож иржээ. Өнөөдрийн байдлаар тус сангийн тэтгэлэгт байгалийн ухааны 30 суралцагч, бусад салбарын 50 суралцагч нийт 80 оюутан хамрагдаж 2020 оноос бизнесийн сургуулийн хөтөлбөрөөс бусад салбарын 24 суралцагчид олгож эхэлснээр, нийт 104 суралцагч тэтгэлэг хүртээд байна.
Япон улсын "Mitsubishi UFJ" сангийн энэхүү тэтгэлгийг жил бүрийн 11 дүгээр сард зарлан МУИС анхан шатанд сонгон тодорхойлж, эцсийн шатны шалгаруулалтыг Mitsubishi UFJ сан хийж тэтгэлгийн санхүүжилт болох 6000 ам.долларыг сургуулийн данс руу шилжүүлэн олгодог байна.
Тэтгэлгийн шалгуурыг танилцуулбал, ШУС, ХЗС, ХШУИС, ОУХНУС-ийн идэвхтэй суралцаж буй бакалаврын түвшний суралцагчид хамрагдах бөгөөд суралцагчийн голч дүн 3.0 ба түүнээс дээш байх ёстой. Мөн суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан 3,4,5 дугаар түвшний бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх юм. Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй юм.
МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Баттулгын Пүрэвмаа: "Японы улсын Mitsubishi UFJ сангийн энэхүү тэтгэлгийг жил бүр болзлыг зарлаж шалгарсан суралцагчдад олгогддог. Энэ жилийн хувьд салбар бүрээс 3-4 нийт 12 оюутанд олгож байна. Миний мэдэж байгаагаар байгалийн шинжлэх ухаан, бизнес, олон улсын харилцаа, хууль гэсэн салбаруудад суралцагч оюутнуудад тэтгэглгийг гардуулж байгаа. Тэтгэлгийн шалгуурын хувьд нийгэмд хэр оролцоотой байгаа болон нийгэмд хийж буй сайн үйлс, сурлага, хөдөлмөрийн амжилт, англи хэлээр эссэ бичлэг зэргийг харгалзан шалгаруулж хамруулдаг юм байна. Энэхүү өндөр түвшний шалгуурыг давж уг тэтгэлэгт хамрагдсандаа маш баяртай байгаа” гэлээ.