Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад энэ удаа 6 480 иргэн мэдлэг чадвараа сорин шалгалтад оролцож, 2 198 иргэн буюу нийт оролцогчдын 33.9 хувь нь тэнцсэн байна.
Энэ сарын 1-нээс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн шалгалтыг иргэд болон иргэний нийгмийн байгууллага, төрийн албаны ахмад ажилчид, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн байгууллага, холбоод, олон нийтийн хяналт, хамтын хүчээр зохион байгуулжээ.
Иргэдийн шалгалтад тэнцсэн байдал нь өмнөх оныхтой харьцуулахад 2.8 хувиар өссөн нь иргэдийн шалгалтад хандах хандлага, бэлтгэл, мэдлэг чадвар өсөн нэмэгдэж байгааг илтгэж байна.
Шалгалтын дүнгээр хамгийн өндөр оноо буюу 100 оноо авч тэнцсэн 2 иргэн Улаанбаатар хот болон Хэнтий аймагт шалгалт өгсөн иргэд байсан ба насны ангиллаар авч үзвэл 51 нас буюу дунд үеийн төлөөлөл, 21 нас буюу залуу үеийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд байна. Мөн харааны бэрхшээлтэй иргэд амжилт үзүүлж, шалгалтад тэнцэх эсэх нь зөвхөн тухайн хүний мэдлэг чадвараас шууд хамаарахыг харуулж буйг албаныхан хэллээ.
Төрийн албаны зөвлөл ээлжит хуралдаанаараа Төрийн албаны Ерөнхий шалгалтын Төв комиссын шалгалт зохион байгуулсан тухай тайланг хэлэлцэж, шалгалтад тэнцсэн 2198 иргэнийг "Төрийн жинхэнэ албаны нөөц”-д бүртгэв.